Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш болжээ. Аймгийн төвүүдэд очиход хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл бол агаарын бохирдол байлаа. Өглөө, оройдоо цонхоо онгойлгохын аргагүй байв. Газарзүйн байрлалын хувьд нам дор байрласан, гэр хорооллын нүүрсний хэрэглээ, авто машины утаанаас гадна аймгуудад шинээр баригдаж буй орон сууцуудыг халаадаг нам даралтын зуух зэргээс үүдэж агаарын бохирдол эрс нэмэгдэж буй тухай орон нутгийн иргэд ярьж байв.
Эдгээрээс нэг сонирхол татсан зүйл нь газарзүйн тогтоц байсан юм. Аймгуудад уулзсан хүмүүс “Манайх уулаар хүрээлэгдсэн учраас утаа нь эндээ тогтчихдог юм. Суурин газар байгуулахдаа өвөлжөө сонгодог шигээ уулын нөмөр бараадуулаад сонгочихсон байх” гэх нь үнэний ортой санагдав. Иймд аймгуудын газарзүйн тогтоцыг харах зорилгоор өндөршлийн зургийг хийж, агаарын бохирдол газарзүйн байрлалтай уялдаа холбоотой эсэхийг туршиж үзэхээр шийдсэн юм..
Уулархаг суурин газруудад температурын инверс тогтмол ажиглагддаг бөгөөд өвлийн улиралд агаарын бохирдол үүсгэдэг. Тропосфер буюу дэлхийн агаар мандлын доод үе давхаргад газрын гадаргаас дээш хөөрсөн агаар эзлэхүүнээ тэлж температур нь буурдаг ерөнхий зүй тогтолтой боловч зарим тохиолдолд эсрэг байдал үүсч өндөр лүүгээ агаарын температур нэмэгдэх явцыг температурын инверс гэдэг. Температурын инверс зөвхөн Улаанбаатарт гэлтгүй манай орны бусад хэсэгт ч ажиглагддаг (өвөл баруун зүгийн нутгаар 15-20°С, 1500-2500 м хүртэл) учраас бусад аймаг, суурин газруудад ч агаарын бохирдлын асуудал бий болж байна. Бохирдуулагч үүсвэрээс гарсан утаа температурын инверсийн улмаас тунаран тогтож, хот суурингуудад агаарын бохирдлыг нөхцөлдүүлэгч болно (1).
Ховд аймаг, Жаргалант сум
Би Ховдод 11 сарын сүүлээр очсон юм. “Их утаатай болжээ. Бараг л Улаанбаатар хотоос ялгарах юм алга” гэхэд хамт явж байсан нутгийн хүн “Чи харин ч гайгүй байхад нь ирлээ. 12 сарын сүүлээс эхлээд утаанаас болоод зам харагдахаа больдог шүү дээ. Юун Улаанбаатар” гэв.
2020 оны 1 сарын 4-ны байдлаар Ховд аймгийн PM 2.5 тоосонцор стандарт хэмжээнээс 14-18 дахин их байгааг МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, профессор Ч.Сономдагва нар мониторингийн төхөөрөмж ашиглан судалсан байна(2).
Архангай аймаг, Эрдэнэбулган сум
Архангай аймагт байхад захын үүдэнд машинаа тавиад нэг цагийн дараа гарч ирэхэд машин дээр хар тортог тогтчихсон байдаг. Заримдаа машины цонхоо буулгаад явж байхад хар тортог орж ирж байгаа нь харагддаг тухай нутгийнхан ярьж байна. Архангайд нүүрсээр ажилладаг 10 уурын зуухнаас дулаанаа хангадаг ба зөвхөн байрнуудын халаалтыг хангах зорилго бүхий 40 нам даралтын зуух байдаг байна. Орон сууцны барилгын тоо нэмэгдэхийн хэрээр нам даралтын зуухны тоо нэмэгдэж байгаа бөгөөд эдгээр нь аймгийн төв хэсэгт баригдаж байгаа нь агаарын бохирдлыг улам ихэсгэж байгаа аж.
“Ус цаг уурын хөгжлийг дэмжих төвийн Архангай салбар” ТББ, Байгаль орчин хэмжилзүйн төв лабораторийн инженер, техникч нарын хамтарсан баг 2018 оны 12 дугаар сарын 11-14 –ний өдрүүдэд Цэцэрлэг хотын дөрвөн цэгт агаарын нэмэлт хэмжилтийг хийжээ. Суурин Цэцэрлэг харуулаас гадна нутгийн удирдлагын ордон, 4-р сургууль, Онцгой байдлын газар дээр нэмэлт хэмжилтийг хийсэн байна. Өргөтгөсөн судалгааны хугацаанд хэмжилтийн цэг дээр агаарын чанар “Бага зэргийн бохирдолтой”-с “Их бохирдолтой” гэсэн үнэлгээ гарчээ” гэж Монцамэ мэдээллийн агентлаг 2019 онд мэдээлж байжээ. (МОНЦАМЭ Архангай, 2019)
Дархан-Уул аймаг, Дархан хот
Дархан хотын ЕБС-ийн сурагчид өглөө хичээлдээ явах үед агаарын бохирдол их байдаг тухай ярьж байлаа. 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын дүнгээс харахад Дархан-Уул аймагт шилжин ирэгсдийн тоо өссөн нь Дархан хотын гэр хорооллын тэлэлтэд нөлөөлж байна. Дархан Уул аймгийн бохирдлын эх үүсвэр нь гэр хороолол, тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа, шатахуун түгээх станцууд, томоохон үйлдвэрийн уурын зуух, нам даралтын уурын зуух, элэгдэл эвдрэлд орсон газрын хөрс, том ширхэгт тоос, хог хаягдлаас үүдэлтэй хэмээн тодорхойлжээ.
2017 онд хийсэн судалгаагаар Дархан хотын PM 2.5 тоосонцор өдөрт дундажаар 215мк/м3 буюу MNS2585:2016 стандартаас 4 дахин их байна. (Сономдагва, 2019)
Орхон аймаг, Эрдэнэт хот
Эрдэнэт хотод агаарын бохирдол, ялангуяа тоосонцрын бохирдлын судалгаа бусад аймгуудыг бодвол харьцангуй их хийгдсэн нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйгаас хийсэх цагаан тоосны асуудлыг 2007 оноос эхлэн судлаачид судалж эхэлсэнтэй холбоотой юм.
Эдгээрийг тоймлон хүргэвэл:
- 2010 онд PM 10 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж Дэнж хотхонд 3.4-6 дахин их, Гал команд орчимд 2 дахин их, Төв 4 зам орчимд 1.8-2.8 дахин их, Жаст ойл орчимд 1.4-1.8 дахин их, гэр хороолол орчимд 1.1-1.8 их байна гэж гарчээ (Экограф ХХК, 2011)
- Өвлийн улиралд агаарын бохидлын эх үүсвэр болох утаа, хаягдлын сангийн тоос нэмэгдсэнтэй холбоотойгоор тоосонцрын агууламж 2010, 2011 онуудад стандартаас давсан байна (Болор-Эрдэнэ, 2012)
- 2016 онд хүхэрлэг хий болон нүүрстөрөгчийн агууламж стандарт хэмжээнээс даваагүй боловч азотын давхар ислийн агууламж бүх саруудад давсан бөгөөд өвлийн саруудад (10-1 саруудад ) өндөр байна. PM10 тоосонцрын агууламж тухайн жилийн бүх саруудад стандартаас давсан байна. Бусад саруудтай харьцуулахад өвлийн сарууд өндөр хэдий ч 6 сард стандартаас 14 дахин их байна. (Сономдагва, 2019)
Төв аймаг, Зуунмод хот
Зуунмод хотын агаарын бохирдол өмнөх жилүүдийнхээс нэмэгдэж байгаа талаар эх сурвалжуудын мэдээлэл байгаа боловч тодорхой баримт судалгаа олж чадсангүй. 2016 оны МОНЦАМЭ агентлагаас бэлтгэсэн мэдээлэл дээр “Агаарын чанарын мэдээг иргэдэд илүү бодитой, үнэн зөв хүргэх зорилгоор орон нутгаас 16 сая төгрөгийн санхүүжилт авч, чанарын харуулын байрыг стандартад нийцүүлж, 5-р цэцэрлэгийн хашаанд нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа тухай холбогдох байгууллага дуулгав” гэж Монцэма агентлаг 2016 онд мэдээллэж байсан байна. Агаарын чанарын харуулын байрыг нүүлгэн шилжүүлсэн эсэх талаар Төв аймгийн УЦУОШГ-тай холбогдон тодруулахад Энхтайван дахь өөрийн байрны хашаанд байгаа гэв.
Орхон, Дархан-Уул, Ховд, Архангай, Төв аймгийн төвүүдэд орчны шинжилгээний харуул 1-2 байх бөгөөд түгээмэл тархацтай бохирдуулагчдаас азотын давхар исэл, хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу ислийг хэмждэг. Мөн нэмэлтээр PM2.5 болон PM10 бохирдуулагчийг хэмждэг боловч багажны эвдрэл зэрэг шалтгаанаас болж ихэнх тохиолдолд хэмждэггүй байна. Агаарын чанарын сар бүрийн тойм мэдээний 2021 онуудын 11 сарын үзүүлэлтүүдийг харахад азотын давхар исэл, хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг нь хүлцэх хэмжээнээс даваагүй бол PM10 тоосонцорын хувьд Дархан аймагт 11 сард 2 удаа стандарт хэмжээнээс давсан, Архангай, Ховд, Төв, Эрдэнэт аймгуудад хэмжилтийн мэдээ байхгүй байна.
Дээрх мэдээлэлд уншигч та бүхэн өөр өөрсдийн дүгнэлтээ хийх биз ээ. Паблик Лаб Монголиа байгууллага дээрх аймгуудад AQIQ буюу Агаарын Чанарын Боловсрол Олгох хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа бөгөөд дараагийн нийтлэлээрээ энэхүү хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн хийсэн агаарын чанарын судалгааг та бүхэнд тоймлон хүргэх болно. Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүйг ЭНДЭЭС авна уу.
Эх сурвалж
- Сономдагва, Ч. (2019) Монгол орны хотуудын хүрээлэн буй орчин: Улаанбаатар, Дархан, Эрдэнэт